Эмнэлгүүдийн инженер, техникийн ажилтнууд шинэ технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтад суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-06-29 12:57:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, зохион байгуулалт, хангамж хариуцсан 40 ажилтан “Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, зохион байгуулалт” сэдэвт сургалтад хамарлаа. 

Энэ сарын 29-30-нд үргэлжлэх энэ сургалтад УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ, АӨСҮТ, ЦССҮТ, зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, НМХГ, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтнууд оролцож байна.

Сүүлийн жилүүдэд орчин үеийн дэвшилтэт техник, технологи эмнэлэгт нэвтэрч, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангамж сайжирч байгаа ч техникийн найдвартай, баталгаатай ажиллагааг хангахад удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт чухал асуудлын нэг болоод байгаа юм.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр ЭМСХХ-5 төслийн хүрээнд 2015 онд эмнэлгүүдийн удирдлага, инженер техникийн ажилчдын дунд техникийн чиглэлийн асуумжаар судалгаа явуулж сургалтын хэрэгцээ, сэдвийг тодорхойлсон юм.

Энэ дагуу эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, зохион байгуулалт, хангамжийн чиглэлээр аймгийн ЭМГ болон нийслэлийн ЭМБ-уудад ажиллаж байгаа ажилтны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтын төлөвлөгөө, хичээлийг боловсруулжээ. Уг төлөвлөгөө ёсоор аймаг, нийслэлийн эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн төлөвлөлт, зохион байгуулалт, хангамжийн ажлын үр дүн, чанарыг сайжруулах сургалтыг шат дараатай явуулж байгаа юм.

Д.Өлзий
相关新闻