"Шударга ёс" эвслийн бүлэг Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Хурлаар 2016 оны төсвийн төслийн талаар дэлгэрэнгүй ярьсан.УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан бүлгийн ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх оны төсөвт бүлэг яаж хандах юм, төсвийн орлого зарлага, тэр дундаа хөрөнгө оруулалтад тусгасан зарлага бодитой юу, төсвийн орлогыг одоогийн төлөвлөснөөс илүү нэмэгдүүлэх бололцоо бий юу гэдэг дээр санал солилцлоо.
Хоёрдугаарт манай бүлгийн зарим гишүүд Ерөнхий сайдыг Дубайн хэлэлцээртэй холбоотой мэдээлэл өгөөч ээ гэсэн хүсэлт гаргаж байгаа. Өмнө нь ч ийм санал тавьж байсан. Ойрын үед Оюутолгойн асуудлаар Засгийн газраас мэдээлэл өгнө байх гэсэн хүлээлттэй байна.
Мөн улстөрийн хүрээнд засаглалын хямрал газар авч байна гэж манай бүлгийн гишүүд үзэж байгаа. Түүн дотроо, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарлаж болох уу, үгүй юу гэдэг дээр асуудлыг гаргаж тавьсан. Үүний зэрэгцээ дараачийн бүлгийн хурлаар Улаанбаатарын цэвэрлэх байгууламж, агаарын бохирдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохоор шийдвэрлэлээ” хэмээн мэдээлэв.
Б.Туул