Төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-07-05 17:29:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын нэгнээс эхлэн төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмжээ. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа энэ тухайд, "Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, зарцуулах хугацаа багассан. Мөн Олон овоот өртөөнөөс нүүрс ачих терминалыг ашиглалтад орууллаа. Эхний хагас жилийн  байдлаар тээврийн хэмжээ 10 гаруй хувиар нэмэгдэж, уул уурхайн экспортын тээвэрлэлт нэмэгдсэн зэргээс хамаарч төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улаанбаатар төмөр зам нь өнөөдөр нийт 15 мянга орчим ажилчинтай, 70 гаруй өртөө зөрлөгтэй. Өнгөрсөн зургадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Ганбат болон түүний ажлын багийнхан хөдөө орон нутагт ажиллаж 17 өртөө зөрлөгийн нийт 1500 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсож боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Өртөө зөрлөгийн ажилтан албан хаагчид нэн тэргүүнд цалингаа нэмэх хүсэлтийг их тавьж байсан. Бид энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж ажилласны үр дүнд энэ сарын 1-ээс эхлэн төмөр замын нийт ажилтан албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн ажилчдын орон байрны асуудал, сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох байгууллагуудын удирдлагууд хамтран шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Эхний ээлжинд Улаанбаатар, Зүүнхараад 10 гаруй байрыг төмөр замчдад хувьчлах асуудал шийдэгдээд байсан бол зургадугаар сард Замын-Үүдийн төмөр замчдын гэх 60 айлын орон сууцыг хувьчлах асуудлыг шийдвэрлэлээ. Олон овоо өртөөнд төмөр замчдад зориулсан орон сууцны барилгын ажил үргэлжилж байна. Ашиглалтад орсны дараа салбарын ажилчид хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцтай болох боломж бий болно. Цаашид хэрэгцээ шаардлагын дарааллаар өртөө зөрлөгүүдэд орон сууцны барилгын ажил үргэлжилнэ" гэлээ.
 

 

相关新闻