"Голомт Файнэншил групп” компаниас НЗДТГ-ыг шүүхэд өгсөн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-07-06 16:58:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-ын байрны асуудал өмнөх удирдлагын үед байгуулсан концессын гэрээнээс улбаалж өдгөө шүүхийн шатанд байгаа болон Улаанбаатар хотын “Шинэ хот” төсөлтэй холбоотой асуудлаар НЗДТГ-аас мэдээлэл  хийлээ.

Одоогийн НЗДТГ-ын нэгдүгээр байрыг 1947 онд барьж ашиглалтад оруулсан. Уг байрыг мэргэжлийн байгууллагын зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс сэргээн засварлах шаардлагатай гэж үзсэний үндсэнд концессын тендер шалгаруулалтыг зарлаж “Голомт Файнэншил групп” компанитай 2016 онд концессын гэрээ байгуулжээ. Гэрээ өнөөдрийг болтол хэрэгжихгүй байгаа төдийгүй “Голомт Файнэншил групп” компани НЗДТГ-ыг шүүхэд өгч байраа чөлөөлж өгөх шаардлага тавиад байгаа аж.

Энэ талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, “Нийслэлийн Тамгын газрын байрыг шинэчлэн барих концессын гэрээний дагуу тендер зарлахдаа хэд хэдэн алдаатай зүйл гаргасны улмаас өнөөдрийг хүртэл гэрээ хэрэгжихгүй байгаа юм. “Голомт Файнэншил групп” компани нь өнөөдөр НЗДТГ-ыг шүүхэд өгсөн байдалтай байна. Гэрээний үүргээ биелүүлэхийн тулд НЗДТГ-ын байрыг суллах, хажууд байрлах спорт заал бүхий барилгын газрыг компанийн нэр дээр болгож өгөх шаардлага бүхий нэхэмжлэх шүүхэд хүргүүлээд байгаа юм. Эхний шүүх хурал өчигдөр болох байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас энэ сарын 21-нийг хүртэл хойшилсон.

Гэрээг 2015 оны зургадугаар сарын 20-нд байгуулахдаа НИТХ-ын 2015 оны 31, 32, НИТХ-ын 2016 оны 73, 100 дугаар тогтоолыг үндэслэн байгуулсан байдаг. Концессын гэрээний уралдаан, шалгаруулалт хамгийн багадаа 60 хоногийн хугацаатай зарлагдахаар хуульд заасан. 2016 оны тавдугаар сарын 6-нд НИТХ-ын 75 дугаар тогтоол гарсан байтал гэрээ 2016 оны тавдугаар сарын 20-нд байгуулагдсан. Нэг ёсондоо концессын гэрээ 14 хоногийн дотор хийгдээд  “Голомт Файнэншил групп” компанийг шалгаруулсан нь хууль эрх зүйн байдалд нийцэхгүй байгаа юм. Гэрээг нэг талаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нөгөө талаас “Голомт Файнэншил групп” компанийн гүйцэтгэх захирал Л.Болормаа нар байгуулсан. Гол нөхцөл нь 3 жилийн хугацаатай байгуулаад, НЗДТГ-ын нэгдүгээр байрны газарт шинээр барилга барьж “Голомт Файнэншил групп” компани өөрийн нэрээр өмчилж авах ба НЗДТГ-т одоогийн байртай ижил хэмжээний талбайг шинэ барилгаас өгөхөөр тохиролцсон байдаг” гэсэн тайлбар өглөө. 
Ж.Болор
相关新闻