Монгол Улс сүүлийн 30 жил үр хөндөлтийн улмаас нэг сая иргэнээ алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dogsom@montsame.mn
2017-07-18 15:30:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дэлхийн хүн амын өдөрт зориулсын хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улс сүүлийн 30 жил үр хөндөлтийн улмаас нэг сая иргэнээ алдсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мэдээллээ.
Тэрбээр “Нийт халдварт өвчний 45,7 хувийг бэлгийн замын өвчин эзэлж байгаа нь хүн амын удмын санд цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Тиймээс энэ талын мэдлэг боловсрол нийт иргэд тэр тусмаа залууст олгох нь маш чухал”-ыг  онцлов.
Мөн энэ үеэр ЭМЯ-ны Сайд А.Цогцэцэг "Иргэдэд тэр тусмаа залуу үеийнхэнд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн боловсролын талын мэдлэг дутмаг байгаагаас үүдэн үр хөндөлт, өсвөр насны жирэмслэлт, БЗХӨ нэмэгдсэн.Өсвөр насны 100 охины  тав нь 12-19 насандаа жирэмсэлдэг гэсэн судалгаа бий. Охидын бие организм бүрэн гүйцэт боловсроогүй байдаг учир эрт жирэмслэх нь эх болон ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг" болохыг ч хэлж байв.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага гэр бүл төлөвлөхөд хамгийн тохиромжтой насыг 20-35 нас хэмээн үздэг бол хүүхэд хоорондын зай доод тал нь 3 жил байхад физиологийн хувьд боломжтой юм.
 Мөн тус хурлын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо хувь хүмүүс чөлөөтэй шийдэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх юм. Эмэгтэйчүүд хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ төлөвлөдөг болсноор сургуулиа төгсч, амьжиргаагаа сайжруулан, орлогоо нэмэгдүүлж, улсынхаа эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг болох нь нотлогдсон” гэв.
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас "Дэлхийн хүн амын өдөр"-ийг 1990 оноос эхлэн жил бүрийн  7 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг өдрийг гишүүн улс орон бүр тэмдэглэдэг байна.
 
Л.Нандиа
 
 
 
相关新闻