“Оюу толгой” компаниас гал унтраах том оврын тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-07-26 12:59:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол оронд тулгараад буй онцгой байдал, цаг зуурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад нь дэмжлэг болгон төрөл бүрийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивлав. 

Энэхүү тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ,  "Ой хээрийн түймэр  мал аж ахуйн салбар, цаашлаад улсын эдийн засагт ихээхэн хор хохирол учруулахаар байна. Тиймээс “Оюутолгой” компанийн хамт олон байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцоход таатай буйгаа илэрхийлээд, Австрали улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран Австралийн онцгой байдал эрхэлсэн байгууллагаас мэргэжлийн туслалцаа ирүүлэх боломж судалж буйг хэллээ. Тэрээр  “Ланд крүйзэр” авто машин хоёр, хөдөлмөр хамгааллын хувцас 359, 30 метрийн урттай, америк стандартын галын шланг найм, нэг тонны багтаамжтай усны хуванцар сав 200, зургаан тонны багтаамжтай усны эвхэгддэг сав нэг, гал командын сунадаг шат хоёр, хүрз 35 ширхэгийг тусламж болгон хандивласан тухай батламжийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд гардуулав.



Мөн “Ланд крүйзэр” авто машин, 12 тонны багтаамжтай усны машин, тэвштэй ачааны машин тус бүр нэгийг ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр сарын хугацаатай түр ашиглуулахаар хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү ёслолын ажиллагаанд БОАЖЯ, ОБЕГ, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд оролцов.

Дашрамд дурдахад, “Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас энэ сарын 18-нд 53 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэлийг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн юм.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻