"Hack UB” тэмцээнд мэдээллийн технологийн салбарын залуус өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-07-26 16:21:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Мэдээллийн технологийн салбарын зургаан компанийн төлөөллөөс бүрдсэн Мэдээллийн Технологи Хөгжлийн Гарц ТББ-ын гишүүд эхний ээлжинд жуулчдад нэн шаардлагатай байгаа Монголын тухай мэдээллийг эмхлэн боловсруулахаар нэгджээ.

Үүний тулд тэд олон улсад Хакатон нэрээр танил болсон залуус баг болон хоорондоо өрсөлддөг тэмцээний хэлбэрийг сонгон авчээ. “Hack UB” хэмээх энэхүү тэмцээн ирэх сарын 01-07-нд болж ялагч нэг багийг тодруулж урамшуулах юм. Тэмцээнд 5-7 хүнээс бүрдсэн нийт 10 баг тус бүрдээ дээрх зорилгыг мэдээллийн технологийн вэбсайт, аппликэшн зэрэг бүтээгдэхүүн болгож хоорондоо өрсөлдөх юм.

Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн том онлайн худалдааны сайт Amazon.com-д ажилладаг Монгол залуу А.Лувсаншарав, АйБиЭм компанид программ хангамжийн инженерээр ажилладаг Б.Нара,  Фэйсбүүк компанид программ хангамжийн инженерээр ажилладаг Э.Хонгор зэрэг олон улсад мэргэжлийн туршлагаараа танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн 10 монгол залуу тэмцээнд оролцох баг тус бүрт техникийн зөвлөгөө өгч ажиллах юм. 

Энэ нь дэлхийн томоохон компаниудад ажиллаж стандарт, технологийн трендүүдийг ойлгосон Монгол залуус сурсан мэдсэнээ эх орондоо байгаа залуустаа түгээх чухал боломж юм. Харин багуудын бүтээгдэхүүнийг АНУ-ын Цахиурын Хөндийн технологийн компаниудад 10 гаруй жил ажилласан Сан Франциско хотод мэргэжлээрээ ажиллаж байгаа М.Сувдмаа, Apple компанид ю-экс дизайнераар ажилладаг Б.Тэргэл, Монголд IT-ийн салбарт ажилладаг Английн иргэн Ихаб нар шүүнэ.

Энэ нь бүхэлдээ Монголын тухай мэдээллийг боловсруулан дэлхий нийтэд хүргэх сайн дурын, ашгийн бус ажил болж монгол болон гадаадад байдаг мэдээллийн технологийн салбарын залуус нэгдсэн томоохон арга хэмжээ юм. 

Тэмцээн англи хэлээр явагдаж, бүтээгдэхүүн англи хэлээр гарах шалгууртай. Шагналын сан 10.000 ам.доллар.  Тэмцээний үр дүнд гадаадын yelp.com, airbnb.com, uber.com зэрэгтэй дүйцэхүйц мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан өөрт шаардлагатай мэдээллийг хурдан шуурхай авч болох IT-ийн бүтээгдэхүүнүүд гарна гэж зохион байгуулагчид хүлээж байна. Хэрвээ та HACK UB тэмцээнийг зохион байгуулагчидтай холбогдохыг хүсвэл: 
 https://www.facebook.com/hackub/?ref=br_rs
https://docs.google.com/document/d/1TqPhgsstZkewJKJDBo-qftXjjfN8wl94lTGq89X46o4/edit
Мөн 97070767 дугаарын утсаар холбогдох боломжтой.
 
Ж.Болор 
相关新闻