Илрүүлэг үзлэгт хамрагдсан хүмүүсийн 16 хувь нь С, 13 хувь нь В вирустай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
erdenechimeg@montsame.mn
2017-07-26 16:31:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Жил бүрийн 7 дугаар сарын 28-ныг дэлхий нийтээр хепатиттай тэмцэх өдөр болгосон билээ. Монгол Улс 7 дахь жилдээ “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг ”Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэж байна.
Энэ өдрийг угтан ЭМЯ ДЭМБ-тай хамтран Эрүүл мэндийн байгууллагуудад талархал илэрхийлэх өдөрлөгийг “Corporate” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.
 
Монгол Улсын Засгийн газар элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын тархалтыг зогсоох зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.  Энэ хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын халдвараас сэргийлэх, өөрсдийн эрсдэлт зан үйлийг өөрчлөх, эрүүл амьдрах дадлыг хэвшүүлэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зүтгэж байгаа юм.
“Элэг бүтэн Монгол хөтөлбөр манай улсын хувьд гэлтгүй дэлхий нийтийн хувьд чухал хөтөлбөр. Уг хөтөлбөр хэрэгжиж эхлээд гурван сар болж байгаа ч аль хэдий 230 мянган хүнд илрүүлгийн шинжилгээ хийсэн. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн 16 хувь нь элэгний С, 13 хувь нь В вирустай байна. Тийм учир бид түргэн шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Тухайлбал ХНХЯ-тай хамтран тус хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдсэн. Зөвхөн төрийн байгууллагууд ч гэлтгүй хувийн хэвшлэлийнхэн ч энэ хөтөлбөрт идэвхтэй оролцож байгаа нь талархууштай” хэмээн ЭМЯ-ны Сайд А.Цогцэцэг өдөрлөгийн үеэр онцлов.
Элэгний В, С вирусын халдвар илрүүлэх, вирус тоолох шинжилгээ хийх, элэгний вирусын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь иргэдэд эмчилгээ оношлогоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байна хэмээн өдөрлөгт оролцогчид ярьж байв.
Л.Нандиа

 
相关新闻