14 орны баталгаажуулалтын байгууллагын удирдлагууд ISO стандартыг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2017-07-27 13:49:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Ази Номхон далайн орны итгэмжлэлийн сүлжээг чадавхижуулах хөтөлбөрийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар /СХЗГ/,  ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн санхүүжилтээр, Номхон далайн бүсийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага/PAC/-тай хамтран зохион байгуулж буй ISO/TS “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” стандартын сургалт өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд эхэллээ.
Хоёр хоног үргэлжлэх уг сургалтанд Энэтхэг, Камбодж, Киргиз, Малайз, Индонез, Вьетнам, Тайланд, Шри-Ланк, Иран, Пакистан, Япон, Бангладеш, Тайвань, Монгол зэрэг 14 орны баталгаажуулалтын байгууллагын  35 төлөөлөгч оролцож байна.
Даяаршиж буй энэ цагт хүнсний аюулгүй байдал зөвхөн ганц орны биш, олон улсын амин чухал бодлого, эрхэм зорилго болоод байгаа юм. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нотолсон. 
“Сүүлийн жилүүдэд манай орны хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал чухлаар тавигдах боллоо. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалт чухал байгаа юм. Ер нь хүнсний салбарт мөрдөгдөж буй хүнсний бүтээгдэхүүний тухай хууль, хүнсний аюулгүй байдлын тухай хуулиа мөрдөж шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл хэрэглэгчдэд болоод бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд ашигтай” хэмээн СХЗГ-ын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг онцлов.
“Стандарт хэрэгжүүлэх чанарын шаардлага хоёр янз байдаг. Нэг нь улсаас тавьж буй стандарт нөгөө нь олон улсын зах зээлд өрсөлдөхийн тулд компаниуд бие даан хэрэгжүүлж буй ISO стандарт юм. Энэ сургалтанд 14 орны баталгаажуулалтын байгууллагын удирдлагууд ISO стандартыг судалж байна. Тэдний мэдлэг чадвар сайжирснаар тухайн улсын баталгаажуулалтын байгууллагын чанар сайжирна” хэмээн Канадын “Monachus Consulting” компанийн сургагч багш Чамберс Албер мэдээллээ.
Дашрамд дурдахад Монгол Улс PAC-ийн гишүүн орон бөгөөд Ази Номхон далайн бүсийн 25 оронд манай баталгаажуулалтын байгууллага буюу СХЗГ-ын тохирлын гэрчилгээ хүчин төгөлдөр аж.
Л.Нандиа
                                                                                                             


 
 
相关新闻