Хашааны газар нь 400 ам метр бол ипотекийн зээлийн урьдчилгаа авах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-27 15:38:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хорооллын 1, 2-р бүсэд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн  урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна.

Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна. Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах зорилгоор хүсэлт хүлээн авах шинэ төвүүдийг Баянхошуу, 32-ын тойргуудад нээж ажиллуулж эхэлсэн юм. Урьдчилгаа 30 хувь авах хүсэлтэй иргэдийн эзэмшлийн газар 500 м2-аас багагүй байхаар журамд заасан байсныг 400 болгож бууруулсан байна. Учир нь санхүүжилт авахыг хүссэн иргэдийн газар журамд заасан хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол их байгаа тул 400 болгоу бууруулах хүсэлтийг ирүүлэх болсон байна. Тиймээс НЗД С.Батболд журмандаа өөрчлөлт оруулж,400 м2 болгожээ.
 
Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Түүнчлэн банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1 м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй байх шаардлагатай юм.
 

Ч.Ариунболд

相关新闻