Дорнод, Төв аймагт шүлхийгээр мал өвчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-07-29 12:02:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар шүлхий өвчин гарчээ.

Уг газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т байх бөгөөд малчин Б-гийн нэг үхэрт мал, амьтны гоц халдварт дээрх өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/-д шинжлүүлэхэд шүлхий өвчин болохыг тогтоосон байна.
 
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар малчин О-гийн 43 үхэрт эл өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд шүлхий өвчин болох нь тогтоожээ.

Түүнчлэн Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрт багийн “Зүүн булаг” гэдэг газар малчин Ч-гийн 60 хонинд мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна. Дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонины цэцэг өвчин болох нь тогтоосон аж.
Б.Туул
相关新闻