Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 20 монгол залуу Японд суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-08-11 14:15:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр /JDS/”-ийн 16 дахь ээлжийн хөтөлбөрт 20 залуу Япон улсад суралцахаар боллоо.

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато энэхүү хөтөлбөрийн 16 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээг Элчин сайдын өргөөнд зохион байгуулав.
   
Тус хөтөлбөр нь ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх, чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ өөрийн сурч мэдсэн зүйлээ эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх зорилготой буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм.
  
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж өнөөг хүртэл нийт 280 оюутан, залуус Япон улсад суралцаад байна. Үүнээс 244 оюутан төгсөж нутагтаа ирээд Засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа юм.

Япон улсад суралцах залуус нь амжилттай суралцаж, эх орондоо эргэн ирсний дараа Монгол Улсын хөгжил цэцэглэлт, хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж буйгаа энэ үеэр Элчин сайд онцлов.
Ж.Болор
相关新闻