Агаарын бохирдлыг бууруулах дэвшилтэт технологийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-08-14 11:00:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-20-нд дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ айл” худалдааны төвд зохион байгуулна.

Уг үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хэмжээнд ‘’Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө’’-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд мэдээлэх зорилготой юм.
Үзэсгэлэн худалдаанд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр болон байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулах юм.

Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон зарж борлуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, ‘’Хос цамхаг’’ ХХК оролцоно.
Тус үзэсгэлэн худалдаанд иргэдийг идэвхтэй оролцож, “Утаагүй Улаанбаатарыг хамтдаа” бий болгохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриаллаа.

Ж.Болор
相关新闻