Б.Баатарцолын цолыг мялаах наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 5 давж улсын начин цол хүртсэн Батчулууны Баатарцолын цолыг мялаах наадмыг ирэх сарын 23-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээллээ. 1981 онд улсын начин болсон О.Бахытаас хойш 35 жилийн дараа улсын цолонд хүрсэн Б.Баатарцолын цолыг Баян-Өлгийчүүд өнгөрсөн жил мялааж чадаагүй ба малын халдварт өвчин гарсантай холбогдуулан төлөвлөгдсөн ажлууд цуцлагдаж байжээ. Энэ удаагийн наадмыг Иргэдийн хөгжлийн дэмжих холбоо, Булган сумын Нутгийн зөвлөл, "Цаст баян Алтай" төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.
Ө.Нурболат