Зүрхний төрөлхийн гажигтай 100 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-09-05 10:06:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад эмчлэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ” хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
 
БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг болон Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан баг үзлэг, оношлогоо, мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээ үнэ төлбөргүй хийхээр болжээ. Мөн хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч нэг хүний байр, хоол, унааны зардлыг бүрэн хариуцах юм. БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж байгаа “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачлан Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй  хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2017 оны 8 дугаар сарын 31-нд болсон.
Энэхүү төслийн зохицуулагчаар БНХАУ-ын Улаан загалмайн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жоү Күйчин, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийг төлөөлж Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б. Гантулга, УГТЭ-ийг төлөөлж Зүрхний мэс заслын тасгийн их эмч Б. Бат-Ундрал нар ажиллах бөгөөд санамж бичигт Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНХАУ-ын Улаан загалмайн сангийн дэд тэргүүн Лью Шуангуо, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар гарын үсэг зурсан юм.

Д.Өлзий
相关新闻