А.Цогцэцэг: Эрүүл мэндийн салбарын 16 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн Засгийн газар дамжсан 16 тэрбум төгрөгийн өр байсныг тэглэсэн хэмээн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээллээ.
Тэрбээр: “16 тэрбум гэдэг бол их хэмжээний өр. Үүнийг бид энэ онд тэглэлээ. 2017 оныг өр, авлагагүй ажиллах чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн төв болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвийн дарга нартай хамтран онцгой анхаарал хандуулж байна. Эрүүл мэндийн салбар нь өртөг өндөртэй, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэхэд л тоног төхөөрөмж, ариутгалын зардал, засвар үйлчилгээ, эмийн хангамж хүртээмж зэрэг өндөр дүнтэй зардал гардаг. Тусламж үйлчилгээ ихсэх тусам л зардал өсдөг. Гэтэл бидний төсөв хязгаартай. Үүнд тааруулна гэвэл тусламж, үйлчилгээ чанаргүй болоод байна. Иймд бид энэ чиглэлд бодит өөрчлөлт хийхээр Сангийн яамтай ярилцаж байна. Эхний сууриа тавьсан. Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв бие даасан санхүүжилтийн тогтолцоог бий болгох талаар ажиллаж байгаа. Амжилттай хэрэгжвэл бусад эмнэлгийг энэ чиглэл рүү оруулна. Санхүүгийн хараат бус байдал бий болсноор тусламж үйлчилгээний хүртээмж, чанар илүү сайжирна гэж үзэж байна. Санхүүгийн орчинд эрс шинэчлэлт хийж байна” гэв.
Д.Өлзий