Шүд, эрүү, нүүрний төвд 64 сая төгрөгийн багаж хэрэгсэл хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” холбооноос Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвд 64 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн эмнэлгийн багаж хэрэгсэлийг лхагва гарагт хандивлажээ.
Тухайлбал, зөөврийн шүдний эмнэлгийн 15 сандал, дөрвөн автомат машин, шүдний багажнууд, нэг удаагийн хэрэглэгдэхүүн өгсөн байна. Тус байгууллагууд хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм.
2016 онд тус холбооноос Шүд, эрүү, нүүрний төвийн Нүүр амны эмчилгээний тасагт ISO стандартыг бүрэн хангасан, “Western dental standard”-аар үйлчлэх кабинетийг иж бүрэн тохижуулж суурилуулан хүлээлгэж өгсөн билээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болоод байгаа ч олны анхаарлын төвд төдийлөн ордоггүй шүдний өвчлөлийг бууруулах, ялангуяа хот суурин газраас алслагдсан хөдөө, орон нутагт мэргэжлийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэхэд уг хандив чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийн эмнэлгийн удирдах ажилтан болон эмч мэргэжилтнүүд онцолж байв.
Д.Өлзий