Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-09 11:42:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий, бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээлд таниулан сурталчлах “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д эхэллээ.

Маргааш буюу энэ сарын 10-ныг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд 111 иргэн, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдаалж байна. Иргэд энэхүү үзэсгэлэн худалдаанаас цагаан идээ, жимсний чанамал, зөгийн балаас эхлээд үндэсний үйлдвэрлэлийн гутал, хувцас, дээл, малгай, бэлэг дурсгал, ахуйн бүтээгдэхүүн гээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг  худалдан авах боломжтой юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр НЗД С.Батболд, “Нийслэлийн 9 дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих инкубатор төв бий. Дөнгөж үйл ажиллагаа явуулж эхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэгчид тэрхүү төвүүдэд 1-2 жил ямар нэг түрээсийн төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь тус төвүүдээр дамжиж гарсан гэж болно. Нийслэлийн удирдлагууд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг борлуулалт хийхэд нь зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зорилго тавьж байна. Мөн хямд үнэтэй түрээсийн байраар хангах нь чухал” гэв.

Зохион байгуулагчид үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдээс шилдэг хоёр аж ахуйн нэгжийг тодруулж, ӨМӨЗО-ны Хөх хотод болох “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээнд оролцуулах аж.
 
Ч.Ариунболд
相关新闻