Багш нар цалин нэмэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-09-11 15:46:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Live Press Conference” мэдээллийн төвд "Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны тэргүүлэгчид болон 21 аймгийн багш нарын төлөөлөл мэдээлэл хийв.
Т
эд түр хороо байгуулж УИХ, Засгийн газарт багш нарын цалинг нэмэх шаардлагыг сарын өмнө хүргүүлсэн юм.  Харин шаардлагын хариу энэ сарын 15-нд гарах ёстой. Харин багш нарын цалинг нэмэхгүй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд  тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ тэд мэдэгдсэн юм.
“Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны ерөнхий зохицуулагч  Ц.Мөнхтуяа:Түр хороо байгуулагдаад нэг сар болж байна. Өнөөдөр багшийн цалинг нэмэгдүүлэх асуудал Засгийн газрын хэмжээнд шийдэгдээгүй байна. Энэ нөхцөд эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Бид цалин нэмэх хүртэл тэмцэх болно.  Энэ оны наймдугаар сарын 30-нд Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариу есдүгээр сарын 15-нд ирнэ. Хариу ирэхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд шилжиж, орон даяар багш нар ажил хаях болно” гэлээ.
Завхан аймгийн багш нарын төлөөлөл Н.Лхавга: “Миний хувьд энэ цалингаа амьдралдаа хүргэхэд хэцүү байна. Цалин бага болохоор багшийн мэргэжлийг сонгож байгаа хүмүүс маш цөөхөн боллоо. Улмаар чадварлаг хэсэг нь өөр өндөр цалинтай мэргэжил сонгох болов. Биднийг сэхээтэн хүмүүс байж нийгэм цаг үеэ мэдэрсэнгүй гэдэг. Тэгвэл нэг л зүйлийг онцлон хэлмээр байна. Эрх баригчид эдийн засгийн өсөлтийн эхний ашгийг багш нарын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулаач. Дараа нь төрд болж буй концесс зэрэг хулгайгаа зогсоогооч. Ингэж чадвал багш нарын цалинг нэмэх хөрөнгө гарч ирэх нь лавтай. Өнөөдөр зөвхөн багш нарын эрх ашиг яригдаж байгаа мэт байж болно. Харин үүний цаана Монголын ирээдүй болсон хүүхдийн тухай асуудал хөндөгдөж байгаа. Иймд бидний тэмцлийг төр засаг минь анхаарч ойлгоно гэдэгт залуу хүний хувьд итгэж байна. Багш нарыг дэмжих гол хөшүүрэг нь цалин” хэмээн онцолж байв.
Говь-Алтай аймгийн залуу багш Ж.Энхбаатар: “Говь Алтайгаас 1000 гаруй багш нарын эрх ашгийн төлөө энд ирлээ. Өнөөдөр дарга нар “Дэлхийн боловсролыг Монголд гэж ярьдаг. Үүний төлөө багш нар хичээн ажиллаж байгаа. Харин үүнийхээ төлөө 500 мянган төгрөгөө гололгүй ажилласаар өнөөдрийг хүрлээ. Монгол хөгжингүй орны тоонд ордог ч багш нарынхаа хөдөлмөрийг хөгжил буурай оронтой адил үнэлдэг. Аливаа улс орны хөгжил боловсролоос шалтгаалдаг. УИХ-ын гишүүд өөрсдийн  төлөө хэдэн тэрбумаар нь хөрөнгө цацдаг ч боловсролын төлөө гар татах юм” хэмээв.
Дашрамд дуулгахад, Засгийн газарт хүргүүлсэн "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ныт шаардлагад гурван үндсэн зүйл тусгасан Нэгдүгээрт, багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөг болгох, хоёрт, багшийн цалинг тодорхой түвшинд тогтоон барих, гуравт, боловсролын салбарын ажилчдын нийгмийн баталгааг сайжруулахыг шаардсан юм.

Д.Өлзий

相关新闻