Соёлын биет бус өвийг залгамжлагч хүүхдүүдийг Мандалговьд урьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-21 14:03:14
Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний язгуур урлагийн соёлын биет бус өвийг залгамжлагч хүүхдүүд ирэх сарын эхээр Мандалговь хотод хуран цуглах гэж байна. Тэд Төв Ази, Олон улсын өргөмжлөлт Монгол Улсын туульч, ерөөлч, магтаалч МУСТА Х. Цэрэнчимэдийн нэрэмжит язгуур урлагийн улсын уралдаанд оролцох юм.

2014 онд Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр өсвөр үеийнхний дунд соёлын биет бус өвийг дэлгэрүүлэн сурталчлах, үндэсний язгуур урлаг, тэр дундаа аялгуулан хэлэх өв соёлоор  хүүхдийн авъяас чадварыг  нээн хөгжүүлэх зорилгоор аймагтаа язгуур урлагийн наадам зохион байгуулж байсан юм. Ингэхдээ туульч, ерөөлч, магтаалч МУСТА Х. Цэрэнчимэдийн нэрэмжит болгосон билээ. Энэ наадмыг өргөжүүлж, өнгөрсөн онд говийн бүсийн хэмжээнд зохион байгуулсан бол  энэ удаад улсын уралдаан болгосон байна.

МУСТА Х. Цэрэнчимэд үндэсний язгуур урлагийн өв соёлыг тээн хөгжүүлж ирснийхээ хувьд өөрийн авъяас билгийг хойч үеийнхэндээ өвлүүлэх хүсэл зорилгоор төрөлх нутагтаа ирж, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дэргэд язгуур урлагийн дугуйлан хичээллүүлээд зургаан жил гаруй болж байгаа юм. Багаас нь бэлдсэн шавь нар ч түрүүчээсээ СУИС- д элсэн суралцаж эхэлжээ. Түүний хүсэл зорилгыг дэмжиж язгуур урлагийн нэрэмжит наадмыг тасралтгүй зохион байгуулж байгаа нь Монголын урлагт үнэтэй байр суурь эзэлдэг язгуур урлагийн төрөл зүйлийг өвлөн хөгжүүлж яваа насан туршийн хөдөлмөрийг маань үнэлдэг нэг хүндэтгэл хэмээн  тэрээр сэтгэгдэл хуваалцсан юм.

Язгуур урлагийн соёлын биет бус өвийг залгамжлагч хүүхдүүдийн улсын наадам ирэх сарын 7- 8- ны өдөр Мандалговь хотод болно. Авъяастнуудыг ерөөл, магтаал, исгэрээ, тууль хайлах, язгуур урлагийн бэсрэг хамтлагийн төрлөөр шалгаруулах юм байна. Наадмыг БСШУЯ, Дундговь аймгийн ЗДТГ зохион байгуулах юм.

Т. Отгонтуяа
相关新闻