Илрүүлэг шинжилгээнд 40-65 насныхны 40 гаруй хувь хамарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-09-21 16:30:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр орон даяар эхэлснээс хойш 40-65 насны иргэдийн 40 гаруй хувь вирусын эрт илрүүлэг, оношилгоонд хамраад байна.

Үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхан шатны тусламж үйлчилгээний эмнэлгүүдийн оролцоо их. Тиймээс ЭМЯ-наас өнөөдөр Сум дундын эмнэлэг, хөдөө, тосгоны эмч нарт зориулан “Вируст хепатитын халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт, бүртгэл, мэдээлэл, тандалтыг сайжруулах нь” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 15-40 хүртэлх насны иргэдийг хепатитын В,С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байна” гэдгийг онцлов.

Тэрбээр хэлэхдээ, “ЭМНДЕГ-тай хамтран элэгний С вирусын идэвхжил тодорхойлох 22 лабораторийг сонгон шалгаруулан, гэрээ байгуулсан. Хепатитын вирусын халдварыг илрүүлэх шинжилгээнд хамарсан иргэдийн бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, WEB-д суурилсан “elegbuten.mohs.mn” цахим мэдээллийн программыг боловсрууллаа. Уг програмд эрт илрүүлэг, вирусын ачаалал тодорхойлох шинжилгээ,  эмчилгээнд хамарсан иргэдийн мэдээллийг бүрэн оруулж улсын хэмжээнд нэгдсэн нэг мэдээлэл гаргах боломжтой болж байна. Хепатитын В, С вирусын халдвартай иргэдийг эмчлэх эмийн жор бичих сургалтад хамарсан 201 эмч нарт цахим жор бичих эрхийг олгож, ЭМНДЕГ-ын даргын тушаалаар баталгаажууллаа.

Цаашид хепатитын вирусын эсрэг эм бичих эрхтэй эмч нарын тоог нэмэгдүүлж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Сум дундын эмнэлэг, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, тосгоны эрүүл мэндийн төвийн ажлын ачаалал, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор  61 эмчийг шинээр сургаж байна.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн явцыг сайжруулахад сум дундын, хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд ажиллах болно” гэдгээ илэрхийлэв.
 
Ж.Болор
相关新闻