Тарваган тахал өвчнөөс урьдчилсан сэргийлэх дадлага сургуулилт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-09-23 10:16:01
Уланбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл, дүүрэгт байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд дамждаг  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт”-ыг  Багахангай дүүрэгт зохион байгууллаа.

Сургуулилтыг тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээ, ариутгал халдваргүйжүүлэлт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийв. Тухайлбал, автомашинаар тарваганы мах тээвэрлэж яваа тохиолдол илэрсэн үед мэргэжлийн байгууллагуууд хэрхэн хамтарч ажиллах, гэр хороололд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор өвчилсөн хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн байгууллагууд хөл хорио тогтоох, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах зэрэг дадлага сургуулилт хийжээ.

Энэ үеэр НОБГ-ын хурандаа А.Дашням, НЭМГ-ын мэргэжилтэн Ж.Энхцэцэг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч У.Жавхлант, НЦГ-ын ахмад Н.Ганбаяр нар мэргэжлийн заавар зөвлөмж, санал дүгнэлт өгч ажиллалаа.

Дадлага сургуулилтад дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг, цагдаагийн тасаг, Нийслэлийн зоонозын өвчин судлалын төвийнхөн оролцлоо гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Ж.Болор
相关新闻