Шилжин нутагшсан тарвага өсч үржсээр дөрөв дэх жилдээ өвөлжих гэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-26 20:21:19
Дундговь /МОНЦАМЭ/. Тоо толгой нь цөөрч, агнахыг хориглосон ан амьтдын нэг болсон тарвагыг шилжүүлэн нутагшуулж байгаа тухай мэдээг хэдэн жилийн өмнө хүргэж байсан билээ. Тухайн үед нутаг сэлгэсэн тарвага өдгөө тоо толгой нь өсч, дөрөв дэх өвөлтэйгээ золгох гэж байна.
Сайнцагаан сумын 7 дугаар багийн иргэн Б.Бат-Эрдэнэ Баянжаргалан сумын Арагийн хад  хэмээх газраас 30 гаруй тарвага зөөж, аймгийн төвөөс дөчин км- т орших Сайнцагаан сумын Хаалган хад хэмээх газарт нутагшуулан тавьсан юм.
Хаалган хад нь аймгийн тусгай хамгаалалттай бүс нутаг бөгөөд нэгэн цагт тарваганы орон гэгддэг байсныг нутгийн малчид ярьдаг. Гэтэл хэдхэн жилийн дотор тарваганы тоо толгой нь эрс цөөрсөн төдийгүй огт үзэгдэхээ больжээ. Дош бүрийн аман дээр цус урссан харагддаг байж билээ гэж нутгийн малчин харамсан ярьж байсан бөгөөд зөвхөн энэ нутаг биш тарвага түгээмэл тархаж байсан бүх л нутагт тарвага иймэрхүү байдлаар агнуурчдын гарт өртөж, устах дөхсөн байдаг.
Тарвага бол мэрэгч амьтан учраас хөрсийг дороос нь сийрүүлж өгдөг, ялгадас нь хөрсөнд бордоо болсноор бэлчээрт олон зүйлийн ургамал ургах нөхцлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл цөлжилтийг сааруулахад бодит хувь нэмэр оруулдаг  амьтан учраас тоо толгойг нь өсгөж, хамгаалахад бага ч гэсэн хувь нэмэр болъё хэмээн Хаалган хаданд тарвага нутагшуулсан тухайгаа  Б. Бат-Эрдэнэ ярьсан юм. Тарвага олноор амьдарч байсан нутаг учраас  авчирч тавьсан тарвагууд нь амархан дасан зохицож чадна гэж тэрээр тооцсон байна. Тарвагаа намар авчирсан тул төдхөн ичиж, хавар ичээнээс гарах үед  арав гаруй мөндөлөөр бүл нэмсэн бөгөөд энэ маягаар жил жилд тоо толгой нь өсч, энэ жил 22 мөндөл шинээр нэмэгдэн анх авчирсан үеийнхээс тоо нь дөч гаруйгаар өссөн хэмээн  сонирхууллаа.
Нутагшуулсан тарвагаа хавар ичээнээс гарсан үеэс эхлэн намар ичтэл нь хараа хяналтаа хандуулж, хууль бус агнуурчдаас хамгаалдаг байна. Тарвага өсч, тархахын хэрээр хараа хяналт улам их шаардагддаг болсон тул нутгийн малчид, идэвхитэй байгаль хамгаалагчид түүнд тусладаг байна.
 
Т. Отгонтуяа
 
相关新闻