Өвөлжилтийн бэлтгэл хангасан эсэхийг шалгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах үзлэг эхэллээ.
Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх үзлэгээр дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц, үндсэн цехүүдийн шуурхай ажиллагааны схем, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, багаж хэрэгсэл, галын аюулгүй байдлыг хэрхэн хангасан, урьдчилан сэргийлэх талаар ямар ажлууд хийж хэрэгжүүлснийг шалгах аж.
Цахилгаан, дулаан, инженер хангамжийн бусад байгууллагуудын хувьд шинээр ашиглалтад орсон дэд станцуудын үйл ажиллагаа, аваарийн нөөц бүрдүүлэлт, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасантай танилцах юм.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа нийт инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын урсгал засварын ажил, худаг, камерийн бүрэн бүтэн байдал, хальтиргаа гулгаанаас сэргийлэх, давс, элс, бодисын нөөц, гэрэлтүүлгийн асалт, машин механизмын засвар үйлчилгээг хэрхэн хийсэн, хогийн цэгийн пүүний ажиллагаа зэрэг байгууллага тус бүрийн ажлын онцлогийг харгалзсан нарийн үзүүлэлтээр шалгана хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа