Сингапурын эрүүл мэндийн тогтолцооны туршлагыг ТТАХНЭ-т хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-10-02 09:28:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн хамт олон Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцооны туршлагаас өөрийн эмнэлэгт авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ онцолж байна

ТТАХНЭ-ийн үйл ажиллагаатай өнгөрсөн лхагва гарагт Сингапур улсын эмнэлгүүдийн удирдах ажилтнууд танилцаж, харилцан туршлага солилцсон юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сингапур улсын “LinC Aesthetic Clinic” эмнэлгийн захирал Wong Lai Lin Patrina, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Florence Teo, “Nexus мэс заслын холбоо”-ны ерөнхий мэс заслын мэргэжилтэн Ho Choon Kiat, “Acromec engineers” компанийн төслийн захирал David Ng, Сингапурын эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн стандартын салбарын ахлах менежер Tan Hwee Huan нар багтсан байв.

Энэ үеэр ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр эмнэлгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх гэж буй ажлуудаа танилцуулж, Сингапур улсын эрүүл мэндийн тогтолцооны талаар зочидтой туршлага солилцжээ. Тус улсаас эмч, албан хаагчдынхаа нийгмийн асуудал, ажиллах тав тухтай орчин, цагийн менежмент, харилцааны хандлагын талаарх туршлага нь Монголдоо хэрэгжүүлэх шинэлэг зүйл их байгаа аж. Сингапурын төлөөлөгчид ТТАХНЭ-ийг “Ногоон эмнэлэг” болохын төлөө зорьж ажиллаж байгаа болон эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хийсэн шинэлэг ажлуудыг сайшаан дэмжсэн байна.

Д.Өлзий 

相关新闻