Засгийн газрын бүтцийн хуулийг татаж авснаар төсвийн зарлага өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-10 17:07:09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Анх өргөн барьснаас нь нэлээн өөрчилсөн. Гэсэн хэдий ч бодит хөрсөндөө буухгүй байна. Тиймээс энэхүү хуулийн төслийг унагах хэрэгтэй гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэг хуулийн төсөлд төсвийн зарлагын хэмжээг нэмэхээр тусгасан шалтгаанаа тодорхой тайлбарлахыг хүссэн. Уг асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, “Төсвийн байнгын хорооны хурлын үеэр хуулийн төсөлд  тусгасан төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар бууруулах заалтыг хассан. Мөн Засгийн газрын бүтцийн тухай буюу 9 яамтай ажиллах хуулийг татаж авсантай холбогдуулан төсвийн зардал нэмэгдсэн” хэмээн хариулав.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Засгийн газраас өргөн барьсан төсвийн алдагдал 600 тэрбум төгрөгөөс хэтрэх эрсдэлтэй байна гэж Монголбанк зөвлөмж ирүүлээд байхад зарлагын хэмжээг дахин нэмсэн байна. Энэ нь төсвийн алдаглыг бүр нэмэгдүүлэх эрсдэл дагуулна хэмээн шүүмжлэв.

Ийнхүү байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулав. Тухайлбал, Эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2016 онд 6 их наяд 981.4 тэрбум төгрөг гэснийг 7 их наяд 11.9 их наяд гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2016 онд 45.5 гэсний 676.2 гэж өөрчлөх санал оруулж ирсний олонх дэмжлээ.

Ийнхүү хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻