Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-11-11 09:01:55

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль,  тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд хуралдаж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн цагт Хууль зүйн байнгын хороо “Б” танхимд хуралдаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгох тухай хэлэлцэх аж.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагт “А” танхимд эхэлж, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” тогтоолын төсөл болон өнгөрсөн долоо хоногт өргөн баригдсан Сонгуулийн тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагт “Б” танхимд хурлдаж, 2016 оны төсвийн багц хуулиуд болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Ч.Ариунболд

相关新闻