МУИС-ийн багш нарыг төрийн одон медалиар шагнаж урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-05 08:18:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн 75 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, “Сод Монгол групп”-ээс тус сургуулийн 10 ажилтанд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэв.
Тус сургууль нь нийт 1500 гаруй ажилтан, албан хаагчтай. Үүний 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшний хувьд хангалттай бус аж. 
“МУИС-ийн 75 жилийн ой өргөн дэлгэр болж байна. Энэ хугацаанд 100 мянга гаруй дээд боловсролтой боловсон хүчнийг улс орондоо бэлтгэж өгчээ. Манай сургуулийг төгсөгчид, үндэсний компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагааг дэмжиж байгаад талархаж байна. Цаашид бид багш, ажилтнуудынхаа ниймийн асуудалд түлхүү анхаарч ажиллана. Тухайлбал, багш, оюутнуудын орон сууц, тэдний хүүхдэд зориулсан цэцэрлэг барихад анхаарна. Дэлхийн шилдэг их сургууль болох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хичээлийн  анги танхим, оюутны дотуур байраас эхлээд хоолны газар, спортын томоохон цогцолбор барих зэрэг олон ажил төлөвлөөд байна”хэмээн сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар ярив.
“Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Г.Адьшаа хэлэхдээ, “Би МУИС-ийн 1987 оны төгсөгч. Манай сургууль Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Төгсөгчид бид сургуулиараа  бахархаж явдаг. “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан” нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Сургуулийнхаа 75 жилийн ойг тохиолдуулан амьдралын бололцоо тааруу, дэмжих шаардлагатай 10 ажилтанд гэр бэлэглэж амьдралд ахуйд нь нэмэр болж буйд баяртай байна” гэв.
Өргөө цагаан гэртэй болсон ажилчин, албан хаагчид тус бүр нь 2.5 саяын үнэтэй нийт 25 сая төгрөгийн  шинэ гэр бэлэглэж амьдрах ая тухтай орчин бүрдүүлж өгсөнд талархал илэрхийлэв.

Мөн энэ өдөр МУИС-ийн 75 жилийн ойгоо тохиолдуулан салбартаа ажил үйлсээрээ манлайлсан эрдэмтэн багш нарыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа. 


Тодруулбал, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Г.Гантулга, Ж.Бат-Ирээдүй, Г.Нандинбилэг нарыг Алтан гадас одонгоор шагнасан бол Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш Ч.Сономдагва, ШУС-БУС-ийн багш Т.Отгонтуул, ШУС-ХУС-ийн багш Д.Отгонтуяа нар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэв.

Мөн “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр  50 гаруй, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр найм, “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр хоёр, БСШУСЯ-ны Жуух бичгээр 100 гаруй нийт 200 гаруй эрдэмтэн багш энгэрээ мялаав.

Шагналыг сургуулийн удирдлагууд гардуулж, мянга мянган мэргэжилтэн бэлтгэн гаргадаг чадварлаг эрдэмтэн багш нарын манлайлал болж төрийн дээд одон медаль хүртсэн багш нартаа баяр хүргэсэн юм.
 
 
Ж.Болор
 
相关新闻