УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-11 10:40:00

“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл" Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний V чуулганд УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр, "Монголын залуу эрдэмтэн судлаач та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Ардчиллаар 25 жил замнасaн Монгол улс өнөө цагийн индэр дээрээс алдаа оноогоо цэгнэж, цаашдын хөгжлөө тодорхойлох, бэрхшээл, асуудлууддаа гарц шийдэл олох хариуцлагатай цаг үед энэхүү чуулган болж байна. Монгол улсын хөгжилд эрдэмтэн судлаачид та бүхэн чухал үүрэг гүйцэтгэх учиртай.
Монголын залуу эрдэмтдийн үндэсний 5-р чуулганы хэлэлцүүлэгт нэмэр болгох үүднээс миний бие дараахь 3 чиглэлээр та бүхэнтэй саналаа хуваалцъя гэж бодлоо:
1. Шинжлэх ухааны байгууллагын шинэчлэлийн талаар
2. Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн холбоосын талаар
3. Шинжлэх ухааныг олон нийтийн хэрэглээ болгох, шинжлэх ухаанч сэтгэлгээний соёлыг бүтээх талаар
I. Хүйтэн дайны үед дэлхий даяар шинжлэх ухааны менежментийг төвлөрсөн хэлбэрээр явуулах хандлага дийлэнх байсан бол өнөөдөр төр, их дээд сургууль, үйлдвэрлэл гэсэн гурвалсан хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна. Зөвхөн Зөвлөлт лагерьт төдийгүй АНУ тэргүүтэй ардчилсан орнуудад ч шинжлэх ухааны байгууллагууд төвлөрсөн, босоо удирдлагын бүтцээр үйл ажиллагаа явуулж, шинжлэх ухааны байгууллага, их сургууль, үйлдвэрлэл тус тусдаа оршиж ирсэн байдаг.
Гурвалсан хамтын ажиллагааны бүтцэд их дээд сургууль нь төр, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны нээлттэй талбар болж байна. Судалгааны төв, хүрээлэн зэрэг шинжлэх ухааны байгууллагууд, том компаниудын дэргэд байсан судалгааны төвүүд их дээд сургууль руу шингэн орох үзэгдэл явагдаж байна. Энэ үзэгдлийг их сургуулийн хувьсгал гэж нэрлэх нь ч байна. Нөгөө талаас энэ нь шинжлэх ухааны менежментийн хувьсгал ч гэж хэлж болохоор юм.

Энэ үйл явцыг товч тодорхойлбол:
1. Бие даан тусдаа ажиллах хэлбэрээс нээлттэйгээр хамтран ажилладаг хэлбэр рүү
2. Бизнес хөгжүүлэлтийн үйл ажиллагаа нь томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар явуулдаг байсан хэлбэрээс энтрепренерч сэттгэлгээтэй хувь хүмүүсийн үйл ажиллагаа руу
3. Компанийн дэргэдэх судалгааны төвөөс их сургууль руу тус тус шилжиж байна.
Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн сектор, төрийн хамтын ажиллагаа их дээд сургууль гэдэг нээлттэй талбар дээр явагдах болж, менежментийн босоо хэлбэрээс нэтворкийн хэлбэр рүү шилжих үзэгдэл олон улсын түвшинд хүчтэй явагдаж байна. Хувьсгал гэж нэрлэгдсэн энэхүү шинэ бүтэц, хамтын ажиллагааны шинэхэн загварын гол зорилго нь шинэ ажлын байр олноор бий болгох, шинэ аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх явдал юм.

Сүүлийн жилүүдэд манай төрийн өмчит их дээд сургуулиуд дээрх хандлагыг даган судалгааны энтрепренер их сургууль болох зорилт тавин ажиллаж, тодорхой ажил зохиож байна. Гэвч, энэ үйл явцыг улам эрчимжүүлж нийгэм, эдийн засгийн салбарт мэдэгдэхүйц дэвшил гаргах шаардлагатай байна. Мөн манай улсын шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, менежментийн шинэчлэлийг яаравчлах хэрэгтэй.
II. Монгол улсын хөгжлийн суурь нь үйлдвэрлэл байх нь маргаангүй. Шинжлэх ухаан, технологийн хүчээр нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар бид дэлхийд өрсөлдөнө. УИХ, ЗГ-аас 2015 онд үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар олон санаачлага гаргаж хэрэгжүүлж эхэллээ.  “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг баталж, үндэсний үйлдвэрлэлээ татварын бодлогоор дэмжих эхлэлийг тавилаа.
Улам бүр өрсөлдөөнтэй болж буй дэлхийн зах зээл дээр амжилт олохын тулд өөрийн гэсэн өвөрмөц, шинэ технологи бүтээх замаар өрсөлдөхөөс өөр гарцгүй. Бид цаашид аж үйлдвэрийн салбарт шинэ технологи нутагшуулах, шинэ технологи бүтээх судалгаа хөгжүүлэлтийн ажилд оруулах хөрөнгө оруулалтыг төрийн бодлогоор идэвхтэй дэмжих  шаардлагатай.

Их дээд сургууль, судалгааны байгууллагууд уламжлалаараа аж үйлдвэрийн салбартай холбоотой байж ирсэн туршлагаар хомсхон. Тиймээс судлаач, эрдэмтэд та бүхэн аж үйлдвэртэй нягт холбоотой ажиллаж, тэдний өрсөлдөх чадварыг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, шинэ аж үйлдвэрийн салбар нээн хөгжүүлэхийг зорилгоо болгон ажиллах шинэ цаг үе ирээд байна.
Шинэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дээр дурдсан гурвалсан хамтын ажиллагааны орчинг яаралтай бүрдүүлэх шаардлагатай.

III. Шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулиуд энэхүү шинэчлэлийн ажлын хүрээнд өөрсдийн дотоод соёл, гүйцэтгэлийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай байна. Тухайлбал, их дээд сургуулийн баклавр, магистр, докторын судалгааны ажилд тавигдах шаардлага, түүний үнэлгээг олон улсын түвшинд даруй хүргэх, мөн судалгааны соёлын хамгийн анхдагч суурь болсон семинарыг үр ашигтайгаар, нээлттэйгээр, тасралтгүй зохион байгуулдаг болох нь зүйтэй. Шинжлэх ухааны салбар бүрийн эрдмийн зөвлөл нь олон улсын шинжлэх ухааны салбар зөвлөлүүдтэй үйл ажиллагааны хувьд нягт уялдаатай болох хэрэгтэй. Зөвхөн Монгол улсын хүрээнд үнэлэгддэг шинжлэх ухаан гэж байж болохгүй.

Монгол улсын хөгжлийг шинжлэх ухаан, технологигүйгээр төсөөлөх аргагүй гэж үзэж байгаа бол бид нийгмээрээ, нийт олноороо шинжлэх ухаанч хандлага, сэтгэлгээний соёлтой болох ёстой. Төр засгийн үйл ажиллагаа, компани байгууллага, хувь хүмүүсийн хандлага, оюуны соёлыг шинжлэх ухаанч болгон өөрчлөх талаар бид их зүйлийг хийх хэрэгтэй байна.

Бусдын хийсэн бүтээсний тухай ярьж хөөрөлдөх нь сайн хэрэг. Мөн бусдын хийж бүтээснийг үлгэр болгон даган дуурайж эзэмших нь улам сайн. Харин, бусадтай өрсөлдөн хийж бүтээх нь чуxам сайн билээ. Тиймээс зөвхөн сонссон дуулсан, үзсэн харснаараа өрсөлдөх биш, харин хийж бүтээснээрээ өрсөлдөх илүү хүнд шалгуурууд бидний өмнө тулгарч байна. Энэ шалгуурыг бид амьдралынхаа хэвшил болгох ёстой. Энэ бүх ажлыг мэдлэгийн манлайлагч эрдэмтэн, судлаач та бүхэн оройлох учиртай" гэв.

相关新闻