УДЭТ-ынхан “Тэнгэрийн хүү” жүжгээр үзэгчидтэй уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-10-13 18:25:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-т “Үндэсний түүхэн жүжгийн өдрүүд” үргэлжилж байна.

87 дахь үзвэрийн нээлтээ Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжгээр нээлтээ хийсэн тус театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжгийг үзэгчдэдээ толилуулна.
Энэхүү түүхэн туульсын жүжгийг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулан, гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг тоглон үзэгчдийн хүртээл болгосон юм.
Хүн гүрнийг Модун Шаньюй байгуулсны 2220 жилийн ойд зориулан бичсэн жүжгийн гол агуулга нь Монголчуудын дээд өвөг Хүн гүрний түүхийг тодотгон, эх түүхээрээ бахархах, газар шороогоо амь мэт хайрлах, эх орондоо үнэнч байх үзлийг түгээн дэлгэрүүлж, монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг сэрээхэд оршжээ.
Жүжгийг энэ сарын 14-ний бямба гарагт  17:00 цагт, 15-ны ням гарагт 17:00 цагт тус тус тайзнаа тоглоно.

Ж.Болор
相关新闻