Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдоо угтан авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-26 10:39:38
Ховд /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээнд сантехникийн төрлөөр ажмлттай оролцсон Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн төгсөгч Ц.Долгормаа, эксперт багш С.Батаа нар өнөөдөр нутагтаа хүрэлцэн ирлээ. Багш шавь хоёрыг Хөгжил политехник коллежийн хамт олон, гэр бүлийнхэн нь Ховд нисэх онгоцны буудалд угтан авлаа.
Багш шавь хоёрыг дэлхийн нэр хүндтэй  уралдаан тэмцээнд оролцоход аймгийн удирдлагууд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Түншлэлд суурилсан "Мэргэжлийн боловсрол, сургалт" төслийн хамт олон, Хөгжил политехник коллежийн дэргэдэх Барилга, сантехникийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд, түншлэгч байгууллагууд, нийт багш, ажиллагсад туслалцаа үзүүлсэн байна.
Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Ц.Долгормаа, “Сурах зүйл ихтэй өрсөлдөөнтэй тэмцээн болсон. Миний хувьд 660 оноо бол чамлахааргүй амжилт. Дөрвөн өдрийн хугацаанд 22 цагийн ажил гүйцэтгэсэн. Босго оноо 700 байсан нь их өндөр шалгууртай байлаа. Олон орны оролцогчдоос их зүйл мэдэж, туршлагаас суралцлаа “ гэв.
Дэлхийн нэр хүндтэй ур чадварын тэмцээнд сантехникийн мэргэжлээр анх удаа өрсөлдсөн нь хөдөө орон нутгаас дэлхийн хэмжээнд өрсөлдөх ур чадвартай мэргэжилтнүүд төгсөн гарч байгаа гэдгийг харуулсан том үзүүлэлт боллоо гэж сургуулийнх нь удирдлагууд сэтгэл өндөр байна.
                                                                                                                                              А.Бямбасүрзн
相关新闻