АСЕМ-ын үеэр зочид буудалд ажиллах 3000 ажилтныг мэргэшүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ“Туушин” зочид буудлын хурлын танхимд Хөдөлмөрийн яам ACEM-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, АСЕМ-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд ЕТГ-ын дарга П.Цагаан нар гарын үсэг зурав.
Ингэснээр дээд хэмжээний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, шинээр ажлын байр бий болгох боломж бүрдэж байна. Санамж бичигт талууд мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх богино хугацааны сургалт зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэг ажиллуулахыг тусгажээ.
АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан нийт 3500-4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байгаа бөгөөд зочдыг байрлуулахаар 40 гаруй зочид буудлыг сонгоод байна. Дээрх зочид буудлуудад ажиллах 3000 ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах аж. Сургалтад хамрагдах хүмүүсийн 30 хувийг бүртгэлтэй ажилгүй иргэдээс сонгох юм байна. Сургалтыг мэргэшсэн зөвлөх, шинжээч, мастер багш нар удирдан явуулах бөгөөд зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргана.
Б.Заяа