Цусаа хандивласан доноруудад сүрчигний дээж бэлэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-02 15:16:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦССҮТ-ийн үйл ажиллагааг дэмжин "Үнэртэй усанд дурлагсдын клуб" фейсбүүк группээс санаачлан 4 жилийн ойн хүрээнд энэ сарын 02-03-нд цус бэлэглэх аяныг зохион байгуулж байна.

Өөрсдийн сонирхол, хоббигоор эвлэлдэн нэгдсэн иргэд сүүлийн жилүүдэд ЦССҮТ-ийн уриалгын дагуу цусаа бэлэглэх сайн үйлсийн аян зохион байгуулах болсон. Тэдний нэг нь тус группынхэн юм.
2013 онд анх байгуулагдсан тус клуб 2015 оноос эхлэн ЦССҮТ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, улмаар гишүүд болон иргэдэд хандаж цусаа бэлэглэхийг уриалах болжээ. Тэдний санаачилгыг "Наран тюлип" дэлгүүр, "Таван богд окситан" брэнд дэмжин энэ өдөр цусаа бэлэглэсэн доноруудад гарын бэлэг гардуулах юм. Мөн клубын идэвхтэй гишүүд хувиасаа сүрчигний дээж бэлэглэх аж. 
“Нэг донорын хандивласан цус 3 хүний амь авардаг. Тиймээс бид ЦССҮТ-тэй хамтран 3 дахь жилдээ цус бэлэглэх аяныг зохион байгуулж байна. Манай клубын 3 жилийн ой энэ сарын 07-нд тохионо. Бидний санаачилгыг дэмжин энэ өдрүүдэд цусаа бэлэглэсэн доноруудыг гарын бэлгээр урамшуулж буй “Наран тюлип” дэлгүүр болон “Таван богд” группт талархаж байна. Мөн цаг зав гаргаж цусаа бэлэглэж буй донорууддаа баярлалаа” хэмээн тус клубын удирдагч М.Энхбаяр ярив. 
Сошиал ертөнц томоохон орон зайг эзэлж буй давуу талыг ашиглаж цусаа бэлэглэх иргэдийн хандлагыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа "Үнэртэй усанд дурлагсдын клуб" фейсбүүк группын залууст талархаж буйгаа ЦССҮТ-ийнхөн хэллээ.

Тус клуб нь нийт 107 мянган гишүүнтэй бөгөөд цусаа хандивлах хоёр өдрийн аянд идэвхтэй оролцохыг уриалав.
Ж.Болор
相关新闻