Гадаадад эмчилдэг 39 өвчнөөс долоог нь эх орондоо эмчлэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-07 15:13:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэдрэлийн мэс заслын 2, зүрхний мэс заслын 1, хавдрын 2, гэмтлийн 1, үргүйдлийн 2 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Сүүлийн хоёр жилийн судалгаанаас харахад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамран, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулжээ. Дээрх өвчний улмаас эмчилгээнд хамарсан иргэд нийт эмчилгээнд хамарсан иргэдийн 71.2 хувийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68.9 хувийг эзэлж байна.
Иймд гадаад улсад эмчлүүлж байсан 39 төрлийн өвчнөөс доорхи 7 өвчнийг эх орондоо эмчилдэг боллоо. Үүнд, Гүрээний ба нурууны артерийн нарийсал, бөглөрлийн үеийн мэс засал, Дунд тархи багана бүтцийн байрлалтай мальформац, Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци, Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн фистул, Ходоод гэдэсний хавдрын үеийн хими эмчилгээ, Түлэгдлийн улмаас үүссэн талбай ихтэй соривын эмчилгээ, Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжил болон эрэгтэйчүүдийн үрийн сувгийн эмгэгээс үүдсэн үргүйдлийн эмчилгээ багтаж байна.
2016 оны 7 дугаар сараас хойш Зүрхний хэм алдалтын үеийн эмчилгээ болох абляци эмчилгээг давхардсан тоогоор 100 гаруй хүн, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээг 414 хүн эх орондоо хийлгэсэн байна. Зүрхний хэм алдалтын эмчилгээг зүүн өмнөд Азийн орнуудад 8000-20000 ам.доллар, тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээнд доод тал нь 50000 доллар төлдөг. Энэ нь зөвхөн эмчилгээний зардал юм. Үүнд хамт яваа хүний онгоц, хоол унаа, амьдралын зардал нэмэгддэг. Иймээс гадаадад эмчилгээ хийлгэх нь иргэнд маш их санхүүгийн хүндрэл үүсгэдэг нь харагдаж байна. Уг эмчилгээг эх орондоо хийдэг болсноор зүрхний хэм алдалтын үеийн абляци эмчилгээний зардлаас 10-13 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөн иргэн 5-6 сая төгрөг төгрөг төлж,  өндөр өртөгтэй мэс засал болох тархины судсан дотуурх мэс заслын эмчилгээний зардлаас  дээд тал нь 60-70 сая, багадаа 8-10 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөн иргэн 10-3 сая төгрөг төлж эх орондоо эмчилгээнд хамрах бүрэн боломж бүрдлээ.
 
Дашрамд дурдахад, зайлшгүй шаардлагаар гадаадад руу эмчлүүлсэн нийт иргэдийг явсан улсаар нь хувааж ангилж үзэхэд  БНСУ-д 41.3 хувь, БНЭУ-д 26.6 хувь,  БНХАУ-д 19 тус тус эмчилгээ хийлгэсэн байна.

Ж.Болор
相关新闻