Ноосны урамшууллын журамд өөрчлөлт орж, шаардлага өндөрсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-09 09:26:46
Ховд/МОНЦАМЭ/ Энэ жил ноосны урамшууллын журамд өөрчлөлт орж, малаа бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд технологийн хугацаанд нь тогтмол хамруулж, эрүүл болохыг баталгаажуулсан эрүүл мэндийн гэрчилгээ авах, стандартын шаардлагыг хангасан ноосыг төрлөөр нь 50-100 кг-аар савлаж бэлтгэх гэх мэт хамрагдах малчин, мал бүхий этгээдэд тавигдах шаардлага нэмэгдсэн байна.

Үүнтэй холбоотой урамшууллын хэмжээ нь 30 хувиар буурахаар байна гэж Арьс шир, ноос ноолуурын холбооны удирдлага мэдэгдсэн тухай Ховд аймгийн тус холбооны салбар хариуцсан зохицуулагч Ө.Батсайхан хэллээ.
Энэ жил улсын хэмжээнд 17,0 мянган тонн хонины ноос, 1400 орчим тонн тэмээний ноос бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Үүний 80-90 хувийг үндэсний үйлдвэрт авна гэж холбогдох яам, мэргэжилтнүүд тооцоолжээ.
Малчдын гар дээрээс ноос худалдан авах үнэ нь хоёр янз байдаг. Зүүн аймгуудаас 450-500 төгрөгийн үнэтэй, баруун аймгуудаас 600-700 төгрөгөөр худалдаж авдаг байна. 

2011 оноос дотоодын үйлдвэрт малынхаа ноосыг тушаасан малчдын хонины ноосны нэг кг тутам 1000 төгрөг, тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгөөр тооцож урамшуулал олгох болсон билээ.
Ховд аймгийн хэмжээгээр 2011 онд нийтдээ 2371 өрхөд 408.5 сая, 2012 онд 5432 өрхөд 1.254.8 сая, 2013 онд 5892 өрхөд 1.548.0 сая, 2014 онд 3100 өрхөд 596.9 сая, 2015 онд 3692 өрхөд 856.9 сая, 2016 онд 4982 өрхөд 1.060.1 сая төгрөгийн урамшууллыг  тус тус олгосон байна. 
Арьс ширний урамшууллын хувьд 2014 онд 698 өрхөд 53.1 сая, 2015 онд 1643 өрхөд 153.6 сая, 2016 онд 2007 өрхөд 247.3 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.  
                                                                                                                                                               А.Бямбасүрэн


 
相关新闻