Ард нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд явуулж амжихгүй
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа нар сэтгүүлчдэд мэдээлэв.
Тус бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн байна. Энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслийг хэлэлцэхэд бүлгийн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж тус тусын саналаа тавьсан аж. Мөн Ард нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд явуулах нь цаг хугацааны хувьд боломжтой юу гэдэг дээр гишүүд байр сууриа илэрхийлжээ.
Түүнчлэн бүлгийн хурлаараа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч салбарын удирдлага эзэнгүй учраас энэ хуулийн төслийг хойшлуулсан гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ. Үүний дараа бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн асуултад хариулсан.
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ирэх оны төсвийг баталсан. Сангийн сайд Б.Болор хэлэхдээ 2016 оны төсвийг батлах явцад алдагдал нэмэгдсэн. Иймээс ирэх жил бонд гаргахаас өөр аргагүй гэж хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. АН-ын бүлэг төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?
-2016 оны төсөвтэй холбогдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан,ажлын хэсгийн дарга Д.Ганхуяг,Сангийн сайд Б.Болор нар мэдээлэл өгсөн. Төсөвт тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Энэ алдагдлыг нөхөхийн тулд бонд гаргана гэж мэдээлсэн байсныг харсан. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улааны ярьснаар бол төсвөө алдагдалгүй батлах боломж байсан боловч УИХ-ын гишүүд тойрогт жижиг сажиг асуудлыг нэмсээр ийм байдал үүссэн. Засгийн газраас оруулж ирсэн төсөв өөр болсон гэдэг нь үнэн.
-Ард нийтийн санал асуулгыг 11 дүгээр сарын 26-нд явуулж амжих уу?
-Энэ долоо хоногт байнгын хороодын хэлэлцэх асуудалд Ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төсөл орсон. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг маргааш хэлэлцэнэ. Энэ үеэр гишүүд тодорхой байр сууриа илэрхийлэх байх. Үүний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг шийднэ.
-Хугацааг юу гэж үзсэн вэ?
-Одоогоор тодорхой хугацаа яриагүй байна. Яагаад гэвэл 11 дүгээр сарын 26-нд амжихгүй болж байх шиг байна. Тиймээс энэ асуудлыг эргэж сайтар ярих ёстой гэсэн шийдэлд хүрсэн.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ямар хүрээнд асуудлыг илүүтэй авч үзэх боломж байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүд нэгдмэл байр суурьт хүрээгүй байгаа. Хамгийн маргаантай асуудал бол гишүүдийн тоог нэмэх, анхан шатны нэгж дээр Засаг дарга томилох эсэх асуудал дээр нэлээд маргаантай байх шиг байна. Ерөнхийлөгчийг сонгох асуудал дээр зарчмын зөрүүтэй байр суурь гарч байна. Бусад асуудал дээр ойролцоо саналтай байгаа нь харагдаж байгаа.
Мөн учир битүүлгээр амиа алдсан ирвэс хамгаалагч залуутай холбоотой хэргийн талаар АН-ын бүлгээр хэлэлцсэн байна. Учир нь талийгаачийн эцэг хүүг нь 7 хоног барьцаанд байлгаж, сүрдүүлж байсан хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурдсан тул ийн авч үзжээ. Үүний зэрэгцээ С.Зориг агсаны гэргий Д.Булганыг баривчилсан гэх асуудалд тайлбар хүсэхэд бүлгийн дэд дарга С.Одонтуяа, "Энэ талаар гишүүд асууж тодруулж байсан. Өнөөдөртөө хараахан мэдээлэл ирээгүй байна" гэлээ.
Б.Туул