Эрүүл мэндийн сайд "Амгалан" амаржих газар, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-28 10:46:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал болон НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллалаа.

Тэрбээр тус амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Мэс засал мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг болон Төрөх тасгийн үйл ажиллагааг илүүтэй онцолсон бөгөөд эдгээр тасгуудад үйлчлүүлж буй иргэдтэй уулзан тэдний санал сэтгэгдлийг сонслоо.

Мөн тус амаржих газрын “Нярайн эмгэг судлалын тасаг”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай “Хүчилтөрөгч өтгөрүүлэгч” болон “Нярайн утлагын аппарат”-ыг хүлээлгэн өглөө.  Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулав.

Тэрээр хэлсэн үгэндээ, "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх 23 зүйл заалт бүхий үйл ажиллагаа тодорхой болсон. Эдгээрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, эмнэлгүүдийн харьцангуй бие даасан үйл ажиллагаатай болгох, Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн салбарт нь өгч зориулалтаар нь ашигладаг болохоор эхнээсээ шийдвэр нь гараад байна. Ингэснээр иргэдийн нуруун дээр, гэр бүлийн орлогод ачаалал болоод байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлыг бууруулах боломж бүрдэнэ. Нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн асуудал болон эрүүл мэндийн салбар иргэд хоорондын хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарна гэж харж байна. Эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, ямар үйл ажиллагаа явуулбал нэр хүнд нь өсөх талаар та бүхэн  ч гэсэн саналаа ирүүлээрэй. Мөн мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана. Эрүүл мэндийн салбар хийсэн ажлаа олон нийтэд хангалтгүй хүргэж байгаа. Иймээс олон нийтийн төлөө ажил хийсэн бол түүнийгээ cурталчлан таниулах, мэдээлэх нь чухал" гэдгийг онцоллоо.



Үүний дараа сайд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ажиллан, эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, сонирхосон асуултад хариулт өгөв. Мөн Цахим эрүүл мэнд болон ISO 9001-2015 явцын үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлагууд болон тасгийн эрхлэгч нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцан санал бодлоо солилцсон юм.
相关新闻