ДОХ-оос сэргийлэх өдрийг “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-29 15:05:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 01-нд тохиодог ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг энэ жил "Би сэргийлж чадна, харин та" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Тус өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг богино хэмжээний видео зөвлөмжөөр дамжуулан кино эхлэхийн өмнө үзүүлэх юм. Мөн аж ахуйн нэгж  байгууллагын ажилтан, албан хаагчдад улаан тууз тараах аж.
2017 оны 11 дүгээр сарын 21-ний байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн энэ  онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлын 99.1 хувь нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж.
Өнөөгийн байдлаар цус, цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байгаа аж.
Ж.Болор
相关新闻