Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-30 14:08:20
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт өчигдөр өглөө гурван ихэр хүүхэд мэндэллээ. Ихрүүд 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлжээ.  Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин юм. Тэд 2кг 200 гр, 2кг 150 гр, 2кг 140 гр жинтэй төржээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган хэллээ.

Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикт ажилладаг. Гурав дахь төрөлтөөрөө ийнхүү гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, “Нэг сартай байхад нь гурван ихэр гэдгийг нь мэдсэн. Маш их баярласан. Хүүхдүүдийг маань эсэн мэнд эх барьж авсан БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олонд маш их талархаж байна” гэлээ. Ихрүүд 5 болон 7 настай хоёр ахтай юм байна.

Энэ нь Орхон аймагт гурван ихэр хүүхэд төрсөн хоёр дахь тохиолдол болж байна. 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байсан юм. 
Харин өнөөдөр Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт хоёр ихэр хүү мэндэллээ.
Он гарснаас хойш Орхон аймгийн хэмжээнд 2338 эх амаржжээ.
 Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻