БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-12-05 17:10:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад Зөвлөмж гардуулав. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр тус газраас томилогдсон ажлын хэсгүүд төрийн бүх шатны байгууллагууд 2015, 2016, 2017 оны I улирлын байдлаар авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан. АТГ шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан  яам, агентлагт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөр, Хяналт шалгалтын албаны ахлах ажилтан, ахлах комиссар В.Энхтүвшин нар БСШУС-ын сайдад нийт 14 чиглэл бүхий Зөвлөмжийг гардуулан өглөө.  
Зөвлөмжид ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын захирлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох, боловсролын байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг батлах, суралцагчдад ногдох хувьсах зардлын хэмжээг үндэслэлтэй, оновчтой болгон тогтоох, хууль бусаар олгогдсон хувьсах зардлыг төсөвт буцаан төвлөрүүүлэх арга хэмжээ авах, Боловсролын зээлийн сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх, зээлийн сангийн санхүүжилтээр суралцагчдыг ТББ, мэргэжлийн холбоо, шинжээчдийн багийн төлөөлөлтэй сонгон шалгаруулж, олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох, улсын хилээр соёлын өв нэвтрүүлэх чиглэлээр яамны гүйцэтгэх үүрэг, тавих хяналтыг сайжруулах, үнэт олдворын үнэлгээ, чанарыг тодорхойлох жишиг тогтоон мөрдүүлэх, улсын шалгалт, ЭЕШ-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгажээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Зөвлөмжийг хүлээн аваад “Монгол Улсын төрөөс авлигатай тэмцэх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагууд онцгойлон анхаарах ёстой. Боловсролын салбар бол нийгэмд авлигын эрсдэлтэй гэж тооцогддог. Тиймээс бид мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллана” гэв.
相关新闻