Хамтын тэтгэврийн хуулийг 2017 оноос мөрдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн нөхөр эхнэрийн хэн нэгэнд тэтгэврийг нь тодорхой хувиар өвлүүлэх явдал юм.
Хэлэлцүүлгийн шатанд тус хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтын явцад "гэрлэлтээ бүртгүүлсэн боловч хамт амьдардаггүй эхнэр нөхөр", "эхнэр нөхрийн насны зөрүү 20 ба түүнээс дээш байсан тохиолдолд иргэнд хамтын тэтгэвэр олгохгүй" гэсэн саналын томьёолол нэлээдгүй маргаан дагуулсан. Зарим гишүүд дээрх заалтууд бодит амьдралд нийцэхгүй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд тус заалтыг бүхэлд нь татаж авах нь зүйтэй гэсэн санал гаргасныг ажлын хэсэг хүлээж авав.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Санжмятав, “АН мөрийн хөтөлбөртөө хамтын тэтгэврийн асуудлыг тусгасан тул энэ хуулийг 2012 оноос хэрэгжихээр тусгавал бодитой болно. Иргэдэд амалсан амлалтаа биелүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Ингээд энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Гэхдээ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс буюу таван жилээр буцаан хэрэглэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв. Харин хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжих эсэх тухайд явуулсан санал хураалтыг явуулахад гишүүдийн 100 хувийн дэмжлэгтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ