Эрчим хүчний байгууламж барьвал урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-19 15:43:41

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай өсч байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байна. 2013 оны байдлаар Улаанбаатар хотод 14 мянган айлын орон сууц, оффисын барилга шинээр баригдсан бөгөөд тэдгээрийн заримыг нь дулаан, цахилгаанд холбох боломжгүй байна.

Хуулийн төсөл нь 5 бүлэг 17 зүйлтэй ба өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл мөн хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Түүнчлэн эрчим хүчний барилга байгууламж барих, машин тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авсан үүрэг хүлээсэн хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх урамшууллыг зохицуулахаар хуулинд тусгасан байна.
 Энэ үеэр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссаны дараа гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Б.Туул

相关新闻