МУЗН-ийн эрх зүйн орчин 15 жилийн дараа шинэчлэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-19 16:42:46

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.

 Тэрбээр илтгэлдээ, “Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2000 онд баталснаар үндэсний нийгэмлэгийн эрх зүйн орчин бүрдсэн. Гэвч хууль баталснаас хойш 15 жил өнгөрч, нийгмийн хөгжилд нийцүүлэн хуулийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага бий болсон” хэмээн онцолсон юм. Үүний дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа.

Хуулийн шинэчилсэн найруулгаар төр, Улаан загалмайн үндэсний нийгэмлэгийн харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны гишүүн байгууллага болох Монголын Улаан загалмай нийгэмлэгийн статусыг шинэчлэн тодорхойлох, Олон улсын хүмүүнлэгийн гэрээ, конвенцид нэгдэн орсон Монгол улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бие даасан байдлыг хангах, төрдөө нэмэлт хүч болж ажиллахын тулд Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зүгээс хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Улаан загалмайн нэр, таних тэмдгийг хэрэглэх зэрэг асуудлыг зохицуулахаар тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулинд донорын асуудлыг зохицуулсан, тодруулбал тэдэнд олгох тэтгэмж тэтгэлгийн асуудлыг тусгасан бүлэг заалт оруулж өгөх хэрэгтэй гэлээ. Гишүүд үг хэлж, санал дэвшүүлсэний дараа “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн саналаар санал хураалт явуулахад олонх дэмжив. Ингэснээр уг хуулийн төсөл дараагийн хэлэлцүүлэгт шилжиж байна.

Б.Туул

相关新闻