"Миний гэр аюулгүй орчин” сарын аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-01-17 11:52:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахуйн хүрээний санамсаргүй ослоос сэргийлэх “Миний гэр аюулгүй орчин” уриатай сарын аян өнөөдрөөс эхэллээ.

Энэхүү аяныг ЭМЯ, ГССҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд дунджаар 5.2 сая  хүн осол гэмтлийн улмаас нас бардаг бөгөөд 2020 он гэхэд 8.4 саяд хүрэх магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлжээ. Харин манай улсад нас баралтын шалтгааны гуравдугаарт осол гэмтэл ордог байна. Тухайлбал өнгөрсөн онд 16 мянга 115 хүн гэртээ буюу ахуйн хүрээнд түлэгдэх, унах зэргээр осолдож, гэмтжээ. Нийт гэмтсэн иргэдийн дийлэнхийг 0-5 нас болон 55-аас дээш насны иргэд эзэлж байгаа юм. Үүний дийлэнхийг бага насны хүүхэд халуун тогоо болон ус буцалгагчинд түлэгдэх тохиолдол бүрдүүлж байна. Тиймээс “Миний гэр аюулгүй орчин” аяны хүрээнд ахуйн хүрээний ослоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг түлэгдэх, унаж бэртэхээс хамгаалах чиглэлд зөвлөгөө мэдээлэл хүргэх, нөлөөллийн ажил зохион байгуулах аж.

Ч.Ариунболд
相关新闻