Гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн онд зүрхний нээлттэй мэс заслыг 233 хүнд хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-01-22 12:31:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлэг 2017 онд үр бүтээлтэй, сайн ажиллаж дэлхийн хэмжээний томоохон мэс ажилбаруудыг амжилттай хийсэн талаар ЭМЯ-наас онцоллоо.

Мөн ард иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй ажилласнаар өнгөрсөн онд тодорхой том зорилтуудыг амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2017 онд 19,489 хүнийг хэвтүүлэн эмчилж, 174,413 хүнд амбулаторийн үзлэг оношилгоо, 10,433 хүнд яаралтай тусламж, 6,281 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ. УГТЭ нь 2017 онд зүрхний нээлттэй мэс заслыг 233 хүнд, тархи, нуруу нугасны мэс заслыг 1194 хүнд, зүрх, тархины судсан дотуурх оношилгоо, эмчилгээг нийт 2939 хүнд хийсэн байна.

Мөн 2017 онд 0-16 насны 160 хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлснээс зүрхний төрөлхийн гажгийн мэс засал 63, тархи, нуруу нугасны мэс засал 82, нүдний торлогийн-2 болон нүдний нөхөн сэргээх мэс заслыг 9 хүүхдэд амжилттай хийжээ. УГТЭ-ийн тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгжүүдэд 2017 онд тархины харвалтаар 1760 хүн, зүрхний шигдээсээр 962 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.

Өнгөрсөн онд зүрхний хэм алдагдлын үеийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ болох аблаци эмчилгээг 54 хүнд, пейсмекер суулгах эмчилгээг 121 хүнд үзүүлж, энэ чиглэлээр гадны улс орон руу чиглэсэн иргэдийн эрүүл мэндийн зардлаас 1,7 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.

УГТЭ нь Хаан банк сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өрнүүлэн 9 удаагийн сургалт, өдөрлөгөөр нийт 18.324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэн, Хаан Банкны тооцооны 4 төвд цусны даралт ихсэлийн булан нээн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Мөн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд “Өдрийн эмчилгээ үйлчилгээний 15 ортой нэгж”-ийг шинээр байгуулан, 262 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тус эмнэлгийн амбулатори, оношилгооны тасгууд оройн 20 цаг хүртэл 2 ээлжээр ажиллан, 2017 онд 2-р ээлжинд нийт 31,426 хүнд амбулаторийн үзлэг, 18,056 хүнд оношилгоо шинжилгээний тусламжийг үзүүлсэн байна.

Д.Өлзий
相关新闻