Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд манай улс нэгдэн орсныг УИХ 2008 онд соёрхон баталсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн тусламж дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлтэйгээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор тэдний ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулах арга хэмжээг зааж өгчээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд хууль санаачлагчаас зарим асуудлыг тодруулсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувь заяаг хувийн хэвшлийнхэнд даатгаад үр дүн гарахгүй нь. Хэрэв албан байгууллага, аж ахуй нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүй бол тодорхой хэмжээний торгууль төлдөг. Энэ мөнгө тэдэнд зориулагдаж байна уу гэдэг нь бүрхэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өнөөдөр олон байна. Эдгээр хүүхдүүдэд туслах заалт хуульд туссан уу” гэсэн асуудлыг тодруулахад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүй тохиолдолд торгууль ногдуулдаг. Гэхдээ өнөөгийн нөхцөлд энэ заалтад тавих мэргэжлийн байгууллагын хяналт хангалтгүй байна. Энэ хууль батлагдсанаар иргэд “Миний хөдөлмөрлөх эрхийг хангахгүй байна” гэсэн гомдол гаргах эрх зүйн орчин нээгдэнэ. Ингэснээр асуудлыг холбогдох байгууллагууд нь шийдэж өгдөг тогтолцоонд шилжинэ. Материаллаг баазтай, судалгаа шинжилгээ хийдэг тогтолцоог бүрдүүлснээр тэдгээр хүүхдүүдийн сурч боловсрох бололцоо бүрдэх юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр оруулж ирсэн хуулийн төслийг дэмжиж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлээс нь арилгах асуудал дулимаг байх шиг байна. Гэхдээ эрүүл мэндийн болон бусад хуулиар эдгээр харилцааг зохицуулах байх. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн чиг баримжааг хөгжлийн бэрхшээлтэй нь уялдуулах шаардлагатай” гэсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүд дэмжсэн бөгөөд үүгээр чуулганы хуралдаан өндөрлөв.
Б.Туул