Европ болон орон судлалыг шинэ шатанд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2018-02-06 15:18:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Европ судлал: хэл, соёл, олон улсын харилцаа, орон судлал” эрдэм шинжилгээний II бага хурал 2018 оны хоёрдугаар сарын 7-нд нийслэл хотноо зохион байгуулна.

Тус бага хурлыг 2017 онд  МУИС-ийн Европ судлалын тэнхим анх санаачлан явуулсан юм. Уг хурлаар хэлэлцсэн илтгэлүүд нь “Европ судлал” Эрдэм шинжилгээний бичигт хэвлэгдэн олны хүртээл болж байв. “Европ судлал: хэл, соёл, олон улсын харилцаа, орон судлал”  II бага хурлыг 2018 онд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн /ОУХХ/-гээс хариуцан зохион байгуулж байна.

Энэ удаагийн бага хурлын онцлог нь хамрах хүрээ өргөжиж, шинээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцох бөгөөд нийт 34 илтгэлийг сонсгож хэлэлцүүлнэ. Бага хуралд МУИС, ШУТИС, МУБИС, ХУИС, ҮБХИС, ШУА-ийн ОУХХ, Тагнуулын Академиас нийтдээ 70 гаруй багш ,эрдэм шинжилгээний ажилтнууд оролцох юм. Уг бага хурал нь Монгол Улсын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой. Тухайлбал, Европын  англи, франц, герман, итали, испани, орос, польш, чех хэл судлал болон сургалт, Баруун болон Төв, Зүүн Европын орнууд, Орос судлалыг Монголд эрчимжүүлэн дэмжих, олон улсын харилцаа-орон судлалын чиглэлээр багш, судлаачдын чадавхийг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгөх нь гарцаагүй.

Эрдэм шинжилгээний бага хурал нь нэгдсэн болон 3 салбар хуралдааныг зохион байгуулна. Үүнд: Олон улсын харилцаа-орон судлал, Хэл шинжлэл ба орчуулга зүй, Гадаад хэлний боловсрол гэсэн чиглэлд тус бүр 9-12 илтгэл тавигдах юм. Энэ хурлын шинэлэг зүйл нь илтгэлүүдтэй шүүмжлэгч судлаач багш урьдчилан танилцах учраас хурлын хэлэлцүүлэг илүү ажил хэрэгч, үр бүтээлтэй болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа.

Нэгдсэн хуралдаанаар:

1. “Европын Холбооны нэгдсэн гадаад бодлогын шинэчлэлийн төлөв байдал”
Илтгэгч: Ц. Лхам, доктор (Ph.D), ШУА, ОУХХ, ЭША

2.“Улс төрийн хэл шинжлэл:улс төрийн хэлний зураглал дахь “Улсын Их Хурал” цогц ойлголт”
Илтгэгч: Н.Нансалмаа, доктор (Ph.D), проф.МУИС, ХУС, Европ судлалын тэнхмийн багш

3.“Гадаад хэлний боловсролын хөгжлийн чиг хандлага”
Илтгэгч: академич Б.Жадамба, МУБИС зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэнэ.

Монгол Улсад Европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл-уран зохиол, түүх-соёл, боловсрол, нийгэм-эдийн засаг, улс төрийн чиглэлээр хөгжүүлэхэд уг бага хурал бодит хувь нэмрээ оруулна. Мөн Европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл шинжлэл ба орчуулга зүй, гадаад хэлний боловсролын асуудлаар орчин үеийн сургалт, судалгааны чиг хандлагад ойртуулахад чухал ач холбогдолтой. Иймд тус хурал нь багш судлаачид шинэ арга зүйд суралцах, мэдээлэл солилцох, туршлагаасаа хуваалцахад чухал индэр байх юм.
 
Д.Өлзий 
相关新闻