Тариалалтын технологийг сайжруулах чиглэлээр зөвлөж боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ-аас 2015 оныг “Хөрс хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан Герман-Монголын хамтын ажиллагааны "Тогтвортой хөдөө аж ахуй" төслөөс энэ сарын 24-25-нд “Хөрс хамгаалал тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэлийн үндэс” сэдэвт зөвлөгөөнийг ХХААЯ, ХААИС-тай хамтран зохион байгуулж байна.
Тариалангийн технологийн сонголт, хүний хүчин зүйлийн нөлөө, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч хөрс элэгдэл, эвдрэлд орсоор байна. Хөрсөн дэх азот, фосфор, кали гэх мэт шим тэжээлийн элементүүд багассанаар хөрсний ерөнхий үржил шимийн түвшин буурдаг. Ялангуяа тариалангийн хөрсөнд ямар нэгэн шим тэжээлийн бордоо хэрэглэхгүй удаан хугацаагаар тариаланд ашиглахад хөрсний үржил шим муудаж ургац багасаж байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.
Зөвлөгөөнөөс байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах арга зам, технологийн талаар харилцан туршлага солилцож, тариалалтын технологийг сайжруулах чиглэлээр зөвлөмж боловсруулах юм. Ингэснээр салбарын судлаачид хөрс хамгааллын талаар нэгдсэн ойлголттой болж, орон нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй тариаланчдад зөвлөгөө өгөх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Ч.Ариунболд