Олон улсын Далайн байгууллагын Ассемблейд Монголын төлөөлөгчид оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИх Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотод энэ сарын сарын 23-наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохиогдож буй Олон улсын Далайн байгууллагын /ОУДБ/ Ассемблейн 29 дүгээр ээлжит чуулганд Монгол Улсыг төлөөлөгчид оролцож байна.
Хоёр жилд нэг удаа зохиогддог тус чуулганаар энэ удаад шинээр томилогдох ОУДБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг батламжлах, зөвлөлийн гишүүн орныг сонгох сонгууль, ОУДБ-ын 2016 оны Аудитын шалгалтыг удирдан зохион байгуулах Аудиторуудыг томилох зэрэг нийт 28 асуудал хэлэлцэх аж.
Ассамблейд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, тус Элчин сайдын яамны Зөвлөх С.Ганхуяг, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Далайн захиргааны дарга Х.Энхбаатар нар оролцож байгаа юм. Монгол Улсын төлөөлөгчид ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны 2012-2015 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх салбар хуралдаанд оролцож илтгэлт тавих бөгөөд ОУДБ-ын Аудитын шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улстай хамтран ажиллах Зөвлөхийг сонгох, холбогдох уулзалтуудыг зохион байгуулах юм байна. Мөн Монгол Улсын далайчны үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, их далайд ажиллах боломжийг нээх үүднээс Бүгд Найрамдах Панам Улс болон бусад далбааны эзэн улсын албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Н.Туяа