Монгол инженерүүдийн бүтээсэн автобус үйлчилгээнд гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭМонголын анхны “Экобус” автобусны компанийн үйлдвэрлэсэн J-800T маркийн 20 ширхэг автобус иргэдэд үйлчлэхэд бэлэн болж, өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд НЗД Э.Бат-Үүл болон “Экобус” компанийн удирдлагууд оролцлоо.
Монгол Улсад автомашин үйлдвэрлэл хөгжих анхны алхамыг нээсэн тус автобус нь шатахуун бага зарцуулахаас гадна утаа гаргадаггүй тул байгаль орчинд ээлтэй бүтээл болсон гэдгийг Аж үйлдвэрийн сайдын зөвлөх, “Экобус” компанийн зөвлөх Д.Жаргалсайхан хэллээ.
Тэрбээр, “Монголын нөхцөлд тохируулан цантдаггүй вакум цонхтой, евро-4 хөдөлгүүртэй, евро стандартын хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн уг автобус нь Ханын материал-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явна. J-800T нь 100 километрт 28 литр шатахуун зарцуулдаг бөгөөд нэг автобус 121 мянган ам.долларын өртгөөр бүтсэн. Дотоод эд ангиудыг нь БНХАУ, БНСУ-аас оруулж иржээ. Автобусны хамгийн гол давуу тал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хийн нумаараа доош суудаг намхан шалтай, тэргэнцэртэй иргэд зорчих боломжийг нээж өгсөн.
Автобусны үйлдвэрийг дагаад дугуй, аккумлятор, шил, толь үйлдвэрлэх 66 үйлдвэр байгуулах бөгөөд энэ бүгдийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэж сурах хэрэгтэй. Ингэж чадвал бид 30 мянга орчим ажлын байр бий болгоно” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Монгол хүний ур ухаан, хөдөлмөр шингэсэн энэхүү бүтээл үйлчилгээнд гарах болсонд тун таатай байна. Энэ бол үндэсний үйлдвэрлэлийн тод жишээ юм. Цаашдаа энэ төрлийн автобусыг олноор үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Зарим хүмүүс дотоодод үйлдвэрлэсэн автобус импортынхоос илүү үнэтэй байна гэх ташаа мэдээлэл тараадаг. Импортоор хямд автобус оруулж ирэхийн тулд маш олон тоноглолыг нь хасдаг. Ингэснээр нийтийн тээврийн шаардлага хангахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс дотооддоо үйлдвэрлэх нь бидэнд ашигтай” хэмээв.
Монгол Улс БНХАУ, Беларусь улстай хамтарсан Автобусны үйлдвэр байгуулахаар ярилцаж байгаа аж. Ингэснээр өөрсдийн хэрэгцээний 6000 орчим автобусыг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга хэллээ.
Нийт 24 хүний суудалтай 60 хүний багтаамжтай тус автобус нь зорчигчдын аюулгүй тухтай зорчих бүхий л боломжийг хангажээ. Импортын автобус 3 халаагчтай бол J-800T нь 5 халаагчтайгаас гадна 75 км цагаас илүү хурдалсан үед автоматаар хурдаа сааруулах тохиргоо хийсэн байна. Мөн халаасны хулгайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор камер суурилуулжээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр